Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Сумын танилцуулга

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 2109

 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

        Цагааннуур сум нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослон хөгжүүлсэн, 53.0 мянган га газар тариалангийн талбай бүхий улсын нийт ургацын 10 гаруй хувийг  дангаар үйлдвэрлэдэг манай улсын тариалангийн томоохон сумдын нэг юм. Бүтээлч үйл ажиллагааны үр дүн ажлын амжилтаараа аймгийн хэмжээнд Хурлын байгууллагуудаас 2014, 2015 онд тэргүүн байр, Засаг даргын   Тамгын газар нь 2002-2015 онд тогтмол тэргүүн болон дэд байрт шалгарч, 2016 онд “Төвийн бүсийн тэргүүний сум”, 2016 онд “Улсын тэргүүний сум”-аар  шалгарсан юм.  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны   өдрийн “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай” 131 дүгээр тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрийг тариалангийн бүс нутаг болгон тогтоосон.  Цагааннуур сум нь 3 багтай, 1352 өрх, 5147 хүн амтай, төсвийн болон хувийн хэвшлийн 118 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ, ЗДТГ, сургууль, эмнэлэг, 2 цэцэрлэг, соёлын төв, спорт цогцолбор, сум дундын ойн анги, цаг уурын станц зэрэг төсвийн байгууллагууд төрийн ажил үйлчилгээг иргэдэд хүргэж, 118  аж ахуйн нэгж  үйл ажиллагаагаа явуулж ард иргэддээ үйлчилж байна. Нийт аж ахуйн нэгжүүдээс 32 аж ахуйн нэгж, 30 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг.

ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ, ТӨРИЙН УДИРДЛАГА

            Цагааннуур сум нь Засаг захиргааны 3 багтай. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын ИТХ нь 27 төлөөлөгчтэй бөгөөд 4 жилийн хугацаагаар сонгогдож, 7 тэргүүлэгчтэй, 3 байнгын хороотойгоор сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлогын шийдвэр гарган хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сумын нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч сумын Засаг дарга нь 18 орон тоо бүхий сумын Засаг даргын Тамгын газар, багуудын Засаг дарга, татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамж, цагдаагийн алба, 6  төсвийн байгууллагаар дамжуулан төрийн ажил үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Засаг даргын Тамгын газрын дэргэд 2013 оноос Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ бүсийн нийт 3 сумыг хариуцсан сум дундын ойн анги,  2021 оноос эхлэн “Цагааннуур тохижилт” ОНӨААТҮГ ажиллаж байна. 2020 оноос “Төрийн цахим үйлчилгээний операторын нэгдсэн систем”-ээр дамжуулан, 11 төрийн байгууллагын 55 төрлийн мэдээлэл, лавлагааг иргэд байгууллагуудад шууд хүргэн ажиллаж байна. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд иргэний танхимд “Эрх зүйн хөтөч”-ийн булан байгуулж иргэд өөрсдөө хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим санг ашиглах боломжтой болсон. Иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зорилт тавин иргэдийн санал хүсэлтийг 70366666 утсанд хүлээн авахын зэрэгцээ www.selengetsagaannuur.mn веб хуудас, Цагааннуур З.Д.Т.Г фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэдэд цаг үеийн мэдээлэл хүргэн ажиллаж байна.

БИДНИЙ БАХАРХАЛ

БООХОЙ ДАНЗАН

         Цагааннуур сум нь Монгол улсын арслан Боохой хэмээх Д.Данзан арслангийн төрж өссөн өлгий, алдарт Буган халиун хурдан хүлгийн туурайн тоос боссон нутаг юм.1895 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хуурч багийн нутагт малчин ард Дамдинсүрэнгийн ууган хүү болон мэндэлжээ.Тэрээр 19 насандаа “Ардын засаг”-ын уул тахих наадмын дэвжээнд анх зодогдож ”Цэргийн наадам” хэмээн ёслон тэмдэглэсэн Ардын хувьсгалын анхны наадам, арван засаг, долоон хошуу даншиг наадмын дэвжээнээс барилдааныхаа гарааг эхэлсэн түүхтэй. 1933 оны төрийн их баяр наадмыг ардын хувьсгалын 12 жилийн ой жарны нэгэн мөчлөг хэмээн үзэж өргөн наадам хийж 1024 бөх барилдснаас ес даван үзүүрлэж, Монгол Улсын Арслан цол хүртжээ. Ард олондоо “Боохой” хэмээн алдаршсан, улсын арслан Дамдинсүрэнгийн Данзан нь 1954 оны Ардын хувьсгалын 31 жилийн ойн баяраар 5 давж шөвгөрч “ харилтгүй бат хүчит” шинэ чимэг нэмсэн нь хамгийн ахмад насандаа монгол төрийн баяр наадамд шөвгөрсөн бөх хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

 

ЭРДЭНЭВАНГИЙН БУГАН ХАЛИУН

            Монгол даяар алдар нь түгсэн алдарт хурдан хүлгүүдийн нэг бол Эрдэнэвангийн Буган халиун юм. Буган халиун хязаалан нас хүртлээ нутагтаа уралдсан бөгөөд хязаалан насанд нь Богд эзэн хаанд өргөж барьснаас хойш түүний нэр дээр уралджээ. Буган халиун бүрэн бус мэдээгээр даншиг наадамд 10 гаруй удаа, бусад наадмуудад хорь гаруй түрүүлсэн гэдэг. Их Шавийн ноён Номун ханы отгийн баян Гончиг даамалын хүү Буян заан хэмээх хүний адуун сүрэгт мэндэлжээ. Энэ нутаг нь одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум юм. Буган халиун хурдан морины бүх шинжийг өөртөө багтаасан зорсон шагай шиг хүлэг байсан тухай аман домог олон арваныг дамжин ирсэн байдаг. Тэрээр нас ахьсан үедээ төрөлх нутагтаа тэмцэн хахир хавраар гүйж яваад одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт хүрч сульдаж ядрахын үедээ баян Гомбожав хэмээх айлын уяан дээр ирж зогсоод босоогоороо амьсгал хураасан юм гэдэг. Түүнийг таньсан нутгийн олон ихэд харамсан түүний толгойг хүндэтгэн залж төрөлх нутаг Товхонхан уулын их овоонд дээр хүргэж тавьсан юм гэнэ билээ.   

ГАЗАР ТАРИАЛАН

            Сумын хэмжээнд 53.0 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай ба үүнээс жилд 24.0-35.0 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал тариалж, 17.0-28.0 мянган га-д сайн чанарын уринш бэлтгэж 1 га-аас 10.0-17.0 цн буюу 26.0-45.0 мянган тн ургац хураан авч аймгийн нийт ургацын 20-30%, улсын нийт ургацын 10 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Жилд дунджаар 10000 гаруй тн хадлан, 6000 гаруй тн дарш бэлтгэдэг. Суманд үйл ажиллагаа явуулдаг  “Баяндулаан-Уул” ХХК нь АНУ-ын Valmont услалтын системийг 2003 онд 400 га газар суурилуулснаар усалгаатай газар тариалангийн суурийг тавьсан юм. Одоогийн байдлаар 2 аж ахуй нэгж нийт 1748 га усалгаатай талбайд газар тариалан эрхэлж байна.

 

Сумын түүхэнд 1983 онд 50000тн, 1985 онд 52426 тн, 1988 онд 71500 тн үр тариа хураан авч, усалгаагүй нэгж талбайгаас 27.8 цн ургац хураан авсан амжилтыг үзүүлж байсан юм.  Атрын 3 дугаар аяны хүрээнд суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд газар тариалангийн үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийг эрчимтэй нэвтрүүлснээр тогтвортой өндөр ургац авах боломжийг ханган ажиллаж байгаа бөгөөд 2009 онд сумын хэмжээнд 52615 тн ургац хураан авсан амжилтыг үзүүлж байсан. Манай сум нь газар тариалангийнхаа талбайн хог ургамалтай тэмцэх зорилгоор ургамал хамгаалах бодисыг стандартын дагуу хэрэглэж, ХАА-н сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг хамгийн түрүүнд нэвтрүүлж,  парк шинэчлэлт хийдгээрээ улсдаа түүчээлдэг сум юм.  Газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүд ажлын бүтээмжээрээ жил бүр улсдаа тэргүүлж, Улсын ургацын аваргаар удаа дараа шалгардаг.    Дурдвал “Товханхан” ХХК -7 удаа, “Сэлэнгэ тариа” ХХК -3 удаа, “Атартрейд” ХХК -3 удаа, “Баяндулаан-Уул” ХХК- 2 удаа, “Ургацын хишиг” ХХК- 3 удаа, “Баянсэлэнгэ ” ХХК- 1 удаа, Тариан цацал ХХК-1 удаа, Номунхан ХХК- 2 удаа, Шаргал тариа ХХК- 1 удаа Улсын ургацын аварга хамт олноор шалгарч байжээ.  

МАЛ АЖ АХУЙ

Цагааннуур сум 2020 оны жилийн эцсийн тооллогоор нийт 182393 тоо толгой мал тоологдсон.  Үүний  83% бог мал,  17%-ийг  бод мал эзэлж байна. Жилд 60-70 мянган төл хүлээн авч бойжуулдаг. Сумын хэмжээнд мал аж ахуй эрхэлдэг 413 өрх байдаг. Газар тариалан, мал аж ахуйг хослон хөгжүүлэх зорилт тавьж, өндөр ашиг шим бүхий малыг өсгөн үржүүлж байна.  Нарийн ноост “Хангай” хонь, мах сүүний сементаль үхрийн ашиг шимийн үзүүлэлт, үүлдэрлэг чанар тогтворжсон бөгөөд 2007 оноос хар улаан ангус, герефорд, голштейн, халимаг үүлдрийн үхэр, баяд хонийг  өсгөн үржүүлж байна.  Баяндулаан -Уул ХХК нь Монголын МАА-н салбарын ҮРЖИЛ СЕЛЕКЦИД томоохон шинэчлэлт хийснээр анх удаа дэлхийн махны чиглэлийн үүлдэрлэг байдлыг тодорхойлогч ангус, сүүний чиглэлийн голштейн үүлдрийн үхрийн эвсэл эсийг нутагшсан Халимаг үнээнд шилжүүлэн суулгах ажлыг амжилттай хийж, ангус үүлдрийн үхрийг  үржүүлж байна. 2007 онд ангус үүлдрийн үхрийн үр хөврөлийг халимаг үнээнд шилжүүлэн суулгах ажлыг амжилттай хийж гүйцэтгэн, төлийг амжилттай хүлээн авч бойжуулсан.

 

МАЛ ЭМНЭЛЭГ

  Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал амьтны өвчинтэй тэмцэх, бүс, нутагт малын халдварт өвчингүй, тайван байдлыг хангах чиглэлээр 5 мал эмнэлгийн нэгж  үйл ажиллагаа явуулж байна.Мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор мал эмнэлгийн үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэж байна.   

ХАНГАЙ ХОНЬ

 Жилдээ 1500 тн ноос боловсруулах хүчин чадал бүхий нэхмэлийн үйлдвэр ашиглалтад орсон тэр үеэс түүхий эдийн найдвартай эх үүсвэрийг  бүрдүүлэх, арвин их ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор нарийн ноост  “Хангай” үүлдрийн хонь бий болгох ажлыг 1959 оноос эхлүүлж, анхны ялгалтаа хийн, тус суманд өсгөн үржүүлсэн түүхтэй.  Нарийн ноост хонины аж ахуйг хөгжүүлснээр сүлжмэл эдлэл хийх боломжтой болсон аж. Хангай хонины 300-400 грамм ноосоор 1 метр даавуу хийдэг бол, монгол хонины 1 кг ноосоор 1 метр цэмбэ хийдэг байна.

 

БОЛОВСРОЛ

            Цагааннуур суманд Ерөнхий боловсролын сургууль, 2  цэцэрлэгээр дамжуулан  ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна. 1977 оны 6-р сард  Оргихын бага сургуулийг түшиглэн Цагааннуур сумын сургууль байгуулагдсан. 1977, 1978, 1978-1979 оны хичээлийн жилүүдэд тус сургууль нь 4 ангитай 2 дүнзэн байшинтай үйл ажиллагаа явуулж байжээ. Одоо тус сургууль нь нийт 76 багш, ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна.   500 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн 2 байранд нийт 1035 сурагч суралцаж байна.  1 багшид дунджаар 22.5 хүүхэд ногдож байна. Бага ангид 555, дунд ангид 350, ахлах ангид 124, насан туршийн боловсролын сургалтад 6 суралцагч суралцдаг. ЭЕШ-ын хэмжээст онооны дундаж 2020 онд 487,7 байна.Мөн сургуулийн дэргэд 80 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургуулийн дотуур байр ажиллаж байна.  Сумын анхны цэцэрлэг болох Улсын тэргүүний Нэгдүгээр цэцэрлэг нь 1976 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум Найрамдал САА-г түшиглэн 25 хүүхэд, 4 ажилчинтайгаар монгол гэрт  үйл ажиллагаагаа эхэлсэн. Улмаар 1989 онд 140 хүүхдийн хүчин чадалтай 2 давхар шинэ барилга ашиглалтад орж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.  Одоогийн  байдлаар 31 багш ажиллагсадтай, өдрийн 6 бүлэг, 24 цагийн 1 бүлэгт нийт 158 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хамран сургах тойргийн   хүүхдийн хамрагдалт 93%-тай байна. 1 багшид дунджаар 23 хүүхэд  ногдож байна.2017 онд Улсын тэргүүний цэцэрлэгийн болзол шалгуурыг хангаж Улсын тэргүүний цэцэрлэг болсон юм.150 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах хүчин чадалтай тус цэцэрлэг нь  2019 оны 12 дугаар сарын 10 өдөр  үйл ажиллагаагаа эхэлсэн.Нийт 30 багш ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна.Тус цэцэрлэгийг байгуулах хэрэгцээ шаардлага нь тойргийн нийт хамран сургах хүүхдийн СӨБ-ийн хамран сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, 1 дүгээр цэцэрлэгийн ачааллыг бууруулах, хүүхдийг эрүүл аюулгүй, ая тухтай орчинд сурч хөгжих боломжоор хангах зорилготой байсан юм. Тойргийн хамрагдвал зохих хүүхдээс тус цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоо 180, хамран сургалтын цэвэр жин-50.8% байна. Нэг багшид дунджаар 30 хүүхэд ногдож байна.

СОЁЛ УРЛАГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Сумын соёлын төв нь 1976 онд  “Улаан булан”  нэртэйгээр анх байгууллагдсан.  1980 оноос ажилчны клуб нэртэй болж, үйлчлэгч, хөгжмийн багш номын санч, кино механикч зэрэг 5 орон тоотой МҮЭ хорооны харьяанд ажиллаж  байгаад  1991 оноос аж ахуйн тооцоон дээр гарч байжээ.

            2000 оноос Соёлын төв нь 6 ажиллагсадтай  жилдээ 2-3 уран бүтээл шинээр хийж, нийт давхардсан тоогоор 12000-14000 гаруй хүн амд үйлчилж байна.

            Соёлын төвөөс Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан 5, Монгол Улсын Тэргүүний  уран  сайханч 3, Монгол Улсын Тэргүүний Ардын авьяастан 5 төрөн гарсан юм. Морин хуур, даралтат болон үндэсний  хөгжим, бие биелэгээ, бүжиг , дууны зэрэг дугуйлангуудад жилдээ дунджаар  50-80 хүүхэд залуучууд  хамрагдан суралцдаг.

НОМЫН САН

            Сумын номын сан нь  “Тохилог номын сан “ төслийг хэрэгжүүлэн, гэр бүлийн уншлагын танхимыг байгуулан, уншигчдад ном унших таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Номын сан нь 12 уншигчийн суудалтай жилдээ 1000-1500 уншигчид 2000-3000 гаруй номыг танхимаар болон зөөврийн ном хүргэх үйлчилгээгээр олгож байна. Жил бүр номын фондоо баяжуулалт хийж, фонддоо 5000 гаруй номтойгоор үйл ажиллагааг явуулж байна.

ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ

            Орон нутаг судлах танхимийг 1994 онд Улаанбаатар хот дахь  нутгийн зөвлөл сумын Засаг даргатай хамтран санаачлан үүсгэн байгуулж  2012 оноос Орон нутаг судлах танхимыг соёлын төвийн дэргэд байршуулан тохижуулж  иргэд хөдөлмөрчдөд нээлттэй ажиллуулж байна. Одоогоор орон нутгийн түүх соёлыг шингээсэн 349 ширхэг үзмэртэй жилдээ 1000-1600 орчим үзэгчдэд үйлчилдэг.

 БАНК САНХҮҮ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ

           Суманд  худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй  18 аж ахуйн нэгж ,хувиараа хөдөлмөр эрхэлж буй 68 иргэн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Мини маркет-4, хүнсний дэлгүүр-3, мухлаг-6, худалдааны төв-1, бар-3, цайны газар -5, сүү цагаан идээ, махны худалдаа-3, нийт 20 худалдаа үйлчилгээ, 5 нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  Ахуйн үйлчилгээний салбарт хэрчсэн гурилын цех-1, барааны дэлгүүр-17, комиссын бараа-3, техникийн болон барилгын материалын дэлгүүр-4, талх нарийн боовны цех-4, үсчин гоо сайхан-5, оёдол-4, дугуй засвар-6, машин засвар үлчилгээ-1, буудал-2, рс-тоглоом-1, компьютер канон зурагчин-2, ШТС-2, эмийн сан-2, хөрөө рам-2, нийтийн тээвэр-1, цемент   борлуулах цэг-1, халуун ус -1, гутал засвар-2 зэрэг нийт 59 иргэн ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  Сумын хэмжээнд худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбарт нийт 137 иргэн ажиллаж байна.

Банк санхүү

  Цагааннуур суманд ХААН БАНК, ТӨРИЙН БАНК, ГЯЛС ТӨГРӨГ ББСБ үйл ажиллагааг явуулж иргэд аж ахуй нэгжид  хуримтлал болон  хадгаламжийн үйлчилгээ, цахим болон мобайл банкны үйлчилгээ, картын үйлчилгээ, бүх төрлийн даатгалын үйлчилгээ, гадаад төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

Нийтийн тээвэр

            “Орги тариа” ХХК ний  6 ш транзит маркийн автомашинаар Цагааннуур-Сүхбаатар чиглэлд өдөрт 2 удаа нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗАР, БАЙГАЛИЙН БАЯЛАГ

Түүхэн дурсгалт газар

Сумын нутаг дэвсгэрт Сэлэнгэ аймгийн тусгай хамгаалалттай байгалийн үзэсгэлэнт газар Товхонхан уул, Цагааннуур, сумын тусгай хамгаалттай Хуурч, мөн Тийрэгийн буган чулуун хөшөө, Нинждолби номун ханы хийд болон Эрдэнэ вангийн хүрээний туурь, Нүхтийн хөх толгой хэмээх газарт оршдог Чингис хааны гэрийн буурь, Тамгын хоолой дахь 10 партизаны хөшөө, Хүннү, Түрэгийн үеийн булш, хиргисүүр зэрэг байгаль, түүхийн дурсгалт газрууд олон бий.   

Жимс жимсгэнэ

            Жимс жимсгэнэ болон ургамлын бүрхэвч нь самар, чацаргана, мойл, үрэл, үхрийн нүд, гүзээлзгэнэ, нэрс, аньс болон Хонгорзул, Буйланцар, Тагийн сөд, Алтангагнуур, Сайхны бамбай, Зүрхэн цэцэг, Баавгайн булчин, Далий ягаан, Тарваган шийр, Юмдүүжин, Алтантовч, Мухар цагаан гэх мэт эмийн болон эмийн бус цэцэг, ургамалаар баялаг юм

Ан амьтан

Ой хээрийн амьтад:

         Буга согоо, бор гөрөөс, чоно, үнэг, хярс, дорго, зэрлэг гахай, хандгай, хэрэм,баавгай, туулай, тарвага

Усны шувууд:

         Хун ангир, галуу, нугас, сойр, ятуу, тоодог, тогоруу, тас зэрэг шувууд нутагладаг.

ДЭД БҮТЭЦ

Зам харилцаа

            Цагааннуур сум нь Олон улсын автозамд шороон хучилттай замаар холбогдсон.Төмөр замын зангилаанаас 76км зайд оршдог. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2017, 2020 онд нийт 2.53 км хатуу хучилттай замыг сумын төв дотроо тавиад байна. 

Эрчим хүч

            Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний 35.0, 10.0 мянган квт-ын дэд станцаар төвийн эрчим хүчний системд холбогддог.

Үүрэн телефон

Мобиком, Скайтел, Юнителийн үүрэн телефон нь зөвхөн хүмүүсийн ярих хэрэгцээг хангахаас гадна хэрэглэгчид гар утаснаасаа интернэтэд холбогдож, төрөл бүрийн үйлчилгээг авах  боломжийг нээж, өндөр хурдны 4G үйлчилгээг нэвтрүүлээд байна. 2019 онд "Юнител" компанийн станцыг сүлжээ ороогүй байсан Шүрэнгийн голын зусланд байршуулснаар багийн нутаг дэвсгэрийн 95 хувьд холбоо харилцааны асуудал бүрэн шийдвэрлэгдсэн.

Шатахуун түгээх станц

            “НИК болон Шунхлай”  шатахуун түгээх станцууд үйл ажиллагаа явуулж байна.

Орон сууц:

            Дулаан, цэвэр бохир усны шугаманд холбогдсон 25 айлын 5 давхар орон сууц, 20 айлын хаус хороолоl баригдан ашиглалтад орсон.

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ